Уншиж сонсоод бухимдсан урвуу бодлын хэлхээс

Дам сураг дуулдах нь Эрэлийн Эрдэнэбат Англид улс төрийн оргонол хүсч гэнээ. Үнэн байж мэднэ, оросын тэрбумтан олигархууд хураасан гулгуулснаа манан будан дунд замхруулан далдалж үүцээ задлах үүрээ тэнд засдаг болоод удаж байна, манайхан ч юунд хоцров гэж. Эрэл гэгч нэртэй хувийн ганц компанийн өмч хөрөнгийн жагсаалтанд “Эх орон” нам, “Хурд” хамтлагаас эхлээд дэр нэгтгэн нэрээ холбоогүй, эзнийх нь ивээл хишигээс хүртээгүй салбар үгүй болж ашиг орлого, авдаг өгдөг нь савнаасаа сагаж халин бялхаж байсан цаг саяхан. Энэ бүхний цаана хэдэн зуун тэрбумаар тоологдох өр зээл, өгөө аваа, ил далд идсэн уусан их юм бий, цаг нь ирвэл гэрч болох нь байтугай хамтдаа татагдан ханарч унах хамсаатан цөөнгүй гэдэг. Булавч бултайсан булхай нь эхнээсээ цухуймагц хэргийн эзэн хэдийн алга болсон нь ийм учиртай байжээ.

Ганзагын наймаанаас гараагаа эхэлсэн Эрдэнэбат удалгүй талыг там болгон алт ухаж газар сэндийлэн ашиг орлого нь цулайн олзны хаалга онгоймогц нам байгуулан тоглож, төр түшилцэн яам толгойлж ч үзсэн. Хөрөнгө бэлээ хөөрхөн өсгөөд авлаа, одоо тэгээд очих шингэх газраа бараадая гэсэн бололтой юм. Улс төрд ороод уралцаж явах хойгуур авдар савыг нь хямгадаж мөнгөний уутны амыг мөлийтөл атгаж байсан авааль эхнэртээ Аж үйлдвэрийн гавъяат зүүлгээд ханахгүй “яруу цээлхэн” хоолойтой дүүд нь урлагын гавъяат өгүүлж байж санаа амарч явсан зайтай эр билээ. Ардын дуучин Адарсүрэн агсанд хүндэдсэн тэр цол алиа марзан шоу, зуйврын хэдэн клипэнд дуулж сээтэгнэсэн нэг хүүхэнд амархаан олдсон нарийн учир начрыг нэхэж лавлаж явах хэн ч байх билээ, ганц нэгээрээ гайхаж толгой сэгсрээд өнгөрсөн. За тэгээд улсын шагнал гэдэг зүйл ул болж ач санасан төлөөс, хариу нэхсэн халаас болсон цаг хойно.

Зуунги яриа, зурмал төрхтэй дээдэс нэгэн маань одон тэмдэгийн нөөцийг овоо барж дундалсныг олон нүд зэрэг харж байсаан. Тэмдэг тууз тараах бол ч яах вэ аминд тулсан аюул хортой эд биш гэтэл тэрээр удах тусмаа улам гаарч байгаа олон хэцүү зүйлийн орыг гарган тулгыг тавьж галыг асаасан түүхтэй. Ганц жишээ дурдхад бүхнийг дийлэгч бүрэн эрхээ эдлэн байж эрүүгийн хүрээнд элдэвтэй зартай этгээдийг хар гэрээс үтэр түргэн суллах зарлиг гаргаж үзэглээд авааживаар зарлахаас өмнө араб түншүүд рүүгээ айлчлахаар нисчихэж чадсан л юм даа. Ямар гээч найраа солилцоо нууцхан явагдаад өнгөрсөн тухай шивэр авир шивнээ ханцуйн дотроос хэтрээгүй.

Залгаад засгийн сэнтийд заларсан дүү нар нь бага ахынхаа эхлүүлсэн бай шагналын аяныг залгамжлан авч баруун солгойгүй хүртээсээр үнэ хүнд нь одоо үхрийн баас шиг болох вий дээ. Урт шар дээлийн хормойноос адис авагсад эгнээндээ багтахгүй шахцалдан ярайж байгаа бол богино бор дээлтийн борвиноос бошги хүртсэн шинэхэн баатар генералууд энгэртээ будаг нь ханхлах очир гялалзуулан сэлэм сугалан найрлаж одон тэмдэгээ угаагаад орондоо ч орох завгүй явна.

Санаанд багтамгүй их хөрөнгийг сангийн нэрээр хэрхэн ууж иддэг жишээг биечлэн үзүүлсэн гавшгайчдын хүндэт самбарт Эрэл компанийн эзний зураг нилээн дээгүүр залардаг гэсэн. Одоо тэгээд алсын англи нутагт хөлжсөн хөрөнгө буянаа эдлэхээр сууршин шургалсан орос, жүүд, гүрж, осетин-чеченчүүдийн дунд альхан талд нь хадагдах юм болоо. Орыг нь залган хоцрох овсгоотой дүү нар ч цөөнгүй байгаа. Алдарт уяач Сүрэнхорын хээр азаргын хурдаар хил даван хулжсан алдуул зайгуул зартай нэгнийг арайхийн олж сүрэгт нь нийлүүлж хашаад байтал МИАТ гээч их айлын эрх зоргоороо банди нар орон гэрээ онгорхой хаяад ор сураггүй оргож алга боллоо гэнэ. Америкт ирчихсэн ард нь юу ч болоогүй юм шиг амарч тансаглаж яваа дуулдана. Тагнуулын академийн хулхи дипломтой нэгэн улсын нэр барин унагасан олзоороо орд харшаас бүтсэн хороолол босгон бэл бэнчинтэй хамсаатнуудтайгаа бэлгийн алчуур шиг солилцож байна гэх. Ямар уудам юм бэ монголын тал нутаг, яасан баян юм бэ тэр нэгэн төрийн албан хаагч. Намд элсэн жигүүр ургуулсан асман нэгэн арилжааны банк ардаа тавьж суугаад казинод тоглон туйлж болдог байхад төрдөө итгэж найдаж суугаа эгэл жирийн иргэд болхоор нутаг дээрээ гаднын муусайн цагаачдын гар хөлийн үзүүрт гүйгээд ая занд нь тааруулан авдаг арав таван цаасаараа амь зууж явна. Уг нь бид чинь эзэн Чингисээс өвлүүлж үлдээсэн хөрсөн доороо эгэлгүй баян, хөдөө талдаа онгон зэлүүд эх сайхан нутагтаа эзэн суух заяагүй гэж үү. Энд тэндээс уншиж дууснаа захаас нь буруу зөв буулган дурдхад бухимдал аяндаа төрж байна.

Энэ цаг дор хаврын хавсаргатай зэрэгцээд жагсаал цуглаан дэгдэн өлсөж цангаад эхэлсэн нь сайны ёр яав ч бишээ. Цаанаасаа захиалж хольж хутгасан гэхэд ганц нэг хүний хүсэл зорилго дагаад газар сайгүй дэмжинэ гэж юу байх билээ. Өнөөх өнгө зүс нь тодордоггүй батзандан иштэй магнай үсэгтэй тугаа жаргалсайхан дээрээ мандуулсан мародерууд өдөөн хатгаж галдан шатаадаг үймээн самуунаас арай л өөр харагдаад байгаа юм. Дэргэдээс нь биш дэлхийн нөгөө бөөрнөөс дуулж сонсож суухад шүү дээ. Уянга, Батцогт нарын ард энхийн хоёр цагаан тагтаа эргэлдэн нисэж буугаад байгаа гэдэг оргүй хоосон яриа ч биш болов уу. Гэвч нийт олныг хамарсан бугшмал бухимдал нийгэмд нэгэнт үүсчихсэн. Амалсан зүйлийг асууж нэхэх нь зүйтэй ч сонгуулийн үеэр өрсөн хийрхэж молигдсон хоосон тоонууд ходоодны маань хэмжээ, хоолоо хийж иддэг тогоо саванд багтаж байгаа билүү ер нь.

Баян ядуу, чаддаг чаддаггүй аль ч нийгэмд байдаг оршдог жамтай л юм биз, гэвч баярхан бялуурах ядууран дордох ялгаа манайд хэрээс хэтэрч байна. Эгэл хүний зүүдэнд ч оромгүй их хөрөнгө мөнгийг намуудад шургалан дамжаад төрийн олбогт заларч төмбийж бөмбийж яваа зай зальны үүрүүд засгийн нэрээр зарж үрж ард түмний өмч орд баялгыг амьныхаа амбаар сав шиг барьцаалан гаднын гайхлуудтай хуйвалдаж гаргасан унац ашигаа сэмхэн хүүдийлээд эхлэхээр ядаж байхад яаж чадаж байнаа гэсэн явган хар хүмүүст төрж л таараа. Төрийн түшээ тулгуур болсон хүндтэй томчуудын алдар нэр хуудуутай хувийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд зоогдон байраа эзлээд хувь ашгаас нь хуруу зузаан хүртэж буйг хараад хуучин ярьж хэлдэг байсныг нь эргэж нэг санаж л таараа. Их хурлын эрхэм гишүүд тойрогт цацах нэрээр өөрсдөө санаачлан өөртөө баталсан тэрбумаасаа сугалж үлдээх сунагар тооцоог нь олж мэдвэл ганган ганц зангианых нь үнэтэй тэнцэх сарын цалинтай багш нар тэргүүтэй жирийн иргэд гарцаагүй гайхаж бухимдаж л таараа.     

Оройн дээд маань саяхан -Одоо болно, хувьсгал хэдийн хийчихсэн, тайван амгалан байцгаа гээд өргөөнөөсөө лүндэн буулган өрөөсөн гараараа ёс төдий дохилоо. Хэн бэ, хэдэн он бэ? Цаашдаа бид чинь тэгээд Зундуйн Дорж гуайн хэлснээр зөндөө л уйлж дуулах нь дээ…

Аламж
2010.04.26

Posted in Uncategorized | 1 Comment